Гурван жилийн өмнө Америкийн цэргүүд гарсанаас хойш Иракт анх удаа парламентын сонгууль болж байна. Санал хураалт өнөө өглөөний 07:00 цагт эхэлж, 19:00 цаг гэхэд дуусах юм. Сонгуульд 20 сая Иракчууд оролцож, 50 мянган санал хураах байр ажиллаж байна. Ерөнхий сайд Ноури аль-Маликигийн нам энэ удаагийн сонгуульд хүчтэй өрсөлдөж, ялах магадлалтай гэж ажиглагчид таамаглаж байна. Иракт 2008 оноос хойш эмх замбаараагүй байдал тасраагүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт гэхэд 160 хүн бусдын гарт амиа алджээ. Тиймээс сонгуулийг аюулгүй явуулахын тулд нийслэл Багдад хотод цэргийн нисдэг тэргүүдийг байршуулсан байна. Мөн нисэх онгоцны буудал, гол замуудыг түр хааж хөдөлгөөнийг сааруулжээ.



