Сирийн Алеппо хотын хойд хэсэгт орших дунд сургууль агаарын довтолгоонд өртөж 18 хүн амиа алдсаны 10 нь 12-13 насны хүүхдүүд байна. Сургууль нурж, анги танхимууд нь цусанд будагджээ. Сүүлийн дөрвөн долоо хоногт Алеппо хотод нөхцөл байдал эрс муудаж, бүслэлтэнд ороод байгаа 240 мянган хүнд яаралтай тусламж шаардлагатай болсон байна. Энэ мягмар гаригт Дамаск хотын техникийн хүрээлэн дэлбэрэлтэд өртөж, 14 хүүхэд амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан юм. Мөн Хомс хотод машины дэлбэрэлтэд өртөж, 100 орчим хүн алагдсаны дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ. Сирийн иргэний дайнд гэм зэмгүй хүүхдүүд золиослогдох болсонд хүний эрхийг хамгаалагчид ихээхэн санаа зовниж байгаа ажээ.







