Туркийн Истанбул хотын Таксимын төв талбайд үүссэн эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах, усан буу хэрэглэв. Үймээний үеэр хэд хэдэн жагсагч шархдаж, таван хүнийг баривчилсан талаар Туркийн хэвлэл мэдээлсэн байна. Өчигдөр буюу тавдугаар сарын нэгний парадын үеэр үймээн дэгдсэн юм. Төв талбайд 40 мянган цэрэг байрлуулсан бөгөөд ерөнхийд сайд Рэжеп Тайп Эрдоган эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахгүй байхыг ард иргэдэд сануулж байжээ. Тэрээр тавдугаар сарын нэгний өдөр бүх замуудыг зөвхөн баярын жагсаалд ашиглана хэмээн сануулсан аж. Өнгөрсөн зургадугаар сард Эрдоганыг огцруулах хөдөлгөөн өрнөж, олон хүн амиа алдсан хэдий ч түүний нам орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Эрдоган ирэх наймдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн таамаглал бий. Өнөө өглөөнөөс эхлэн Таксимын талбайн ойролцоох зам, гудамжуудыг хаагаад байна.









