Хүн амын шилжих хөдөлгөөний нөлөөгөөр Монгол Улсад хотжилтын түвшин 67 хувьд хүрчээ. Иймд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, том хотуудын төвлөрлийг сааруулахын тулд бага, дунд хотуудын хөгжлийг дэмжих, шинэ суурьшлын төвүүд байгуулахад чиглэсэн бодлого төлөвлөгөө гаргах Үндэсний хороог Засгийн газар байгууллаа. Үндэсний хороог Ерөнхий сайд ахлаж, Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн сайд нар шуурхай зохион байгуулалт хийж ажиллах юм байна. Зөвхөн Улаанбаатарт нийт хүн амын 44 хувь нь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Энэ хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа нь хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм. Улс орнуудын Засгийн газар ч ийм тусгайлсан бодлого, хөтөлбөр батлан хэрэгжүүлдэг бөгөөд БНСУ-д “Үндэсний нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого ба стратеги”, Японд “Үндэсний төлөвлөгөө”, ОХУ-д “Нутагшилт суурьшлын ерөнхий схем”, Туркт “Хот суурин газрын хөгжлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэх төсөл” гэсэн бодлогын баримт бичгүүд гарчээ.
