
Өнгөрсөн сард Нигерийн зүүн хойд хэсэгт орших Чибок тосгоны 223 охиныг Боко Харам бүлэглэлийнхэн сургууль дээрээс нь хулгайлан авч явсан билээ. Охидыг буцаан авчрахад хангалттай анхаарал хандуулахгүй байгаа Нигерийн Засгийн газрыг эсэргүүцэж, хохирогчдын ар гэрийнхэн жагсаал цуглаан зохион байгуулж байна. Энэ хооронд Шариатын хуулийг дагадаг Боко Харам бүлэглэл охидыг гурван долоо хоногийн өмнө бусдад зарсан гэдгээ мэдэгджээ. Боко харамын дайчдын толгойлогч Абубакар Шекау “Бурхан охидыг зарах хэрэгтэй гэж бидэнд зааварласан. Охид сургуульд сурах биш бусдын эхнэр болох нь чухал” гэж сүрдүүлжээ. Гэмт хэрэгтнүүд охидыг өөрсдийн дайчиддаа 12 доллараар зарж, эхнэрээ болгосон нь ийнхүү тодорхой боллоо. 16-18 насны охидын эрх ашгийг хамгаалж чадаагүй Нигерийн Засгийн газар хүчтэй шүүмжлэлд өртөж байна. Боко Харам нь Нигерийн хойд мужуудад лалын улс байгуулахыг эрмэлздэг бөгөөд энэ он гарсаар 1,570 иргэний амийг хөнөөжээ.