
Монголчууд хавар, зун, намрын улиралд харшлаар өвчлөх тохиолдол их байдаг. Дулааны улиралд тоосжилт ихэсч, төрөл бүрийн хогийн ургамлаас харшил үүсдэг. Харин жимс ногоо, самар, зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс харшил үүсэх тохиолдол их байгааг мэргэжилтэнүүд сануулж байна. Сүүлийн жилүүдэд мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, жимс зэргээс харшлах явдал түгээмэл тохиолдох болсон байна. Өнгөрсөн жил гэхэд Арьсны өвчин судлалын үндэсний төвд үзүүлсэн арван хүн тутмын гурав нь хүнсний харшилтай байжээ. Олон төрлийн харшил үүсгэгч зүйлүүд хамар, нүдний салст бүрхүүл, хоол боловсруулах болон амьсгалын зам, арьсаар нэвтрэн орж, хүний дархлалын тогтолцоонд нөлөөлсөнөөр тухайн зүйлд хэт мэдрэгшил үүсдэг. Ялангуяа тохирохгүй хоол хүнсэнд харшлах нь их байдаг байна. Иймд харшил төрүүлэгч хоол хүнсээс зайлсхийх, харшлын сорил өгч байх шаардлагатай гэнэ. Мөн арьсыг цочроохгүй даавуун хувцас өмсөх, хөхүүл эхчүүд хоол хүнсэндээ харшил төрүүлэгчгүй хоол хэрэглэх, зуны улиралд нар ус агаараар арьсаа чийгшүүлэх хэрэгтэй юм байна.