
Монголчууд бид хэвлэлийн эрх чөлөөг эдлээд 20 гаруй жил болжээ. 1998 онд батлагдсан хэвлэлийн эрх чөлөөний хууль бүрэн төгөлдөр болж чадаагүйгээс хараат бус хэвлэл оршин тогтнож чадахгүй явж ирсэн. Түүгээр ч зогсохгүй сэтгүүлчид хэвлэн нийтлэсэнийхээ төлөө шүүхийн хаалга татсаар байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздээс хараат байдлыг хязгаарлах алхмуудыг хийх хэрэгтэй байна. Өнөөдөр манай сэтгүүл зүйн салбарт хэвлэлийн эрх чөлөөнөөс илүү сэтгүүлчийн ёс зүй, хариуцлагын асуудал хурцаар тавигдаж байгаа юм. Манай улсад 17 их дээд сургуульд жилд дунджаар 300 гаруй сэтгүүлч бэлтгэн гаргаж байна. Нийт 1000 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ч эздээс хараат байдал арилаагүй. Тиймээс дөрөв дэх засаглал гэж нэрлэгддэг сэтгүүл зүйн салбарт эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгааг цаг үе харуулж байна.