
Мэдээллийн мөрөөр Эмнэлэг, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч О.Ёндонцоо, н.Төгсмаа нар очиж шалгахад, Монголын тав, гадны хоёр эмч сүмд олон зуун хүнийг цуглуулж, зориулалтын бус газар үзлэг, эмчилгээ хийж байсан аж. Гэхдээ үнэ төлбөргүйгээр эмчилгээ хийж байжээ.
Шалгалтаар АНУ-ын иргэн, хүний их эмч мэргэжилтэй гэх DR. Hanson, P.Wong нарын хоёр, Монгол Улсын иргэн таван их эмч нар хамтран иргэдийн биеийн үений холбоосонд тарилгын холимог хийж байсан. Тодруулбал, глюкоз 20 хувь, лидокаин хоёр хувь, витамин В12-ыг хооронд нь хольж, шингэн тарилга бэлтгэснээрээ иргэдэд тарьж, үйлчилж байсан байна. Иргэдэд үйлчлэхдээ найруулсан тарилгын уусмалыг тариурт урьдчилан хийж бэлтгэсэн 500 хүн/тун/, эмнэлгийн тусгай хог хаягдлыг зааврын дагуу цуглуулаагүй, шал, ширээ зэрэгт цус дуссан, өвчтөнд хэрэглэсэн бохир зүү тариур, хэрэглэхээр бэлтгэсэн тарилгын уусмалтай тариурыг нэг ширээнд зэрэгцүүлэн байрлуулсан, гар угаах нөхцлөөр хангагдаагүй байсан аж.
Үүнээс гадна нэг өрөөнд 6-8 хүнд нэгэн зэрэг асептик, антисептик баримтлахгүйгээр өвдөгний үе, хүзүү, сээр, нурууны үений холбоосонд олон удаа хатгалт хийж тарилгын уусмал шахаж байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчсөн байжээ.
Тиймээс тэдэнд МХЕГ-аас 1.5 сая төгрөгийн торгууль тавьж, эм, тариаг нь хурааж, устгалд оруулж, улсын орлого болгосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/