
Барилгын ослоос сэргийлэхийн тулд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг шалгаж сар бүрийн эхээр танилцуулж байхыг Нийслэлийн засаг дарга мэргэжлийн хяналтын байцаагчдад даалгасан байна. Албан даалгаварыг хэрэгжүүлэх үүднээс мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид өчигдөр Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа барилгуудад шалгалт хийжээ. Баянзүрх дүүргийн хувьд өмнөх жилээс эхлэн барилгын ажил явагдаж байгаа 100 гаруй обьект байгаа аж. Тус дүүргийн хөдөлмөр аюулгүй байдлын байцаагчид барилгуудыг төлөвлөгөөт болон иргэдийн гомдлын дагуу шалгаж эхэлсэн байна. Ингээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 18 дугаар хороонд баригдаж байгаа иргэн Г.Алтанхуягийн захиалгаар "GDН" компанийн гүйцэтгэж байгаа 11 давхар 64 айлын орон сууцны барилгын ажилчид нь хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй, гурваас дээш давхруудад аюулгүй ажиллагааны хаалт, санамж дохио байрлуулаагүй байжээ. Мөн давхруудынхаа цэвэр бохир ус, лифтний нүх, шатны захад хамгаалалтын хашилт хийгээгүй байсан учир хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаж ажиллаагүй гэдэг үндэслэлээр 250 мянган төгрөгөөр торгож, барилгын ажлыг зогсоож акт бичсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)