
Африкийн хөлбөмбөгийн холбоо Бүгд найрамдах ардчилсан Конго улсад лигийн тэмцээний үеэр 15 хүн амиа алдсан хэргийг мөрдөн шалгаж байна. Конго улсын хөлбөмбөгийн хамгийн том клубууд болох “AS Vita Club”, “TP Mazembe” хоёрын хоорондох тэмцээн 1-0 харьцаатайгаар өндөрлөсний дараа үймээн дэгджээ. Үймэлдэж, бөөгнөрөлдсөн хөгжөөн дэмжигчдийг цэнгэлдэхээс гаргах гэж цагдаа нар нулимс асгаруулах хий цацсаны дараа 20 гаруй хүн шархдаж, 15 хүн амиа алджээ. Хөлбөмбөгийн холбоо энэ хэргийг мөрдөн шалгаж, шалтгааныг нь улам тодруулахаар ажиллаж байна. 2008 онд Конгод хөгжөөн дэмжигчид хоорондоо чулуу шидэлцэж, цагдаа нар нулимс асгаруулах хий цацсаны улмаас 13 үзэгч амиа алдсаны дийлэнх нь хүүхдүүд байсан юм. Зургаан жилийн дараа ийм эмгэнэлт явдал дахин давтагдлаа.