Туркийн нийслэл Анкара хотоос баруун зүгт 450 км зайтай орших Маниса мужийн Сома хотод нүүрсний уурхай дэлбэрч, 166 хүн амь насаа алдаад байна. Шархадсан хүмүүсийн биеийн байдал тааруу байгаа тул амиа алдагсдын тоо өсөх магадлалтай гэж албаныхан мэдээлэв.

Уурхайд цахилгааны холболтыг буруу хийснээс дэлбэрэлт болсон бөгөөд осол гарах үед 787 хүн ажиллаж байжээ. Аврагчид газрын гүнд занганд орсон уурхайчдыг татаж гаргахаар бүтэн шөнийн турш ажилласан ажээ. Нас барагсдын дийлэнх нь нүүрстөрөгчийн исэлд хордсон тул 2 км-ийн гүнд занганд орсон уурхайчид руу хүчилтөрөгч шахаж байна. Энэ ослын улмаас Туркийн ерөнхий сайд Рэжеп Таийп Эрдоган Албанид хийх айлчлалаа хойшлуулж, Сома хотод яаралтай ирсэн гэнэ. Тус уурхайг эзэмшигч “Soma Komur Isletmeleri” компани аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангаж, тогтмол хяналт тавьж байсан ч гэсэн ийм эмгэнэлт явдал боллоо хэмээн өөрсдийгөө зөвтгөж байна. Сома хотын нүүрсний уурхайнууд нь аж үйлдвэрлэлийн гол салбар бөгөөд дулааны эх үүсвэрээр хангадаг. Туркт 1992 онд Хар тэнгис дэхь Зонгулдакын ойролцоох уурхайд осол гарч, 270 уурхайчин амиа алдаж байжээ.


