
Египет эмэгтэйчүүдийн 99,3 хувь нь бэлгийн дарамтанд өртөж аль эсвэл хүчиндүүлсэн байдаг гэсэн судалгааг НҮБ-аас гаргасан. Тус улсад эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг яллаж шийтгэх нь ховор. Мөн хохирогч эмэгтэйчүүдийг буруутгадаг жишиг тогтсон нь Египетэд хуулиар зохицуулах шаардлагатай чухал асуудал болж байна. Өнгөрсөн долоо хоногт Египетийн Засгийн газар бэлгийн хүчирхийллийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ч нийгмийн зүтгэлтнүүдийн хүчтэй шүүмжлэлд өртжээ. Шинэ төсөл эмэгтэйчүүдийг хангалттай хамгаалж чадахгүй гэж шүүмжлэгчид үзэж байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол торгууль ногдуулж, олон жилээр хорино гэж тусгаж өгсөн ч яаж хэрэгжүүлэх нь асуулт хэвээрээ гэнэ. 2013 онд гаргасан судалгаагаар олон нийтийн газар хүчиндүүлсэн эмэгтэйчүүдийн 40 хувьд нь хэн ч туслаагүй болохыг тогтоосон байдаг. Мөн хүчингийн хэргийн 20 хувьд нь хохирогчдыг буруушааж, олны элэг доог болгодог гэсэн судалгаа бий.