
Технологийн дэвшил биеллээ олж буй энэ үед алуурчин роботыг хязгаарлах олон улсын хууль тогтоомжтой болохыг дипломат төлөөлөгчид шаардаж байна. Алуурчин роботын асуудлаар НҮБ анх удаа хуралдаж хэрэглээг хязгаарлах болон хүмүүсийг хөнөөх зорилгоор ашигласан тохиолдолд ямар хариуцлага хүлээх асуудлаар хэлэлцэв. НҮБ-ын гишүүн 117 орон лазер зэвсгийг хориглохоор санал нэгдсэн байдаг. Үүний адил алуурчин роботыг хүчээ авахаас өмнө бүрэн хориглох ёстой гэж төлөөлөгч Майкл Моллер хэлэв. Байгаа сонгохдоо хүний тушаалыг авдаггүй, өөрөө шийдвэр гаргах чадвартай байлдааны робот машинуудыг алуурчин робот гэж нэрлэдэг ажээ. Цэргийн технологид ийм техникийг хэрэглэх болсон нь олон улсын хүний эрхийг хамгаалагчдын сэтгэлийг ихэд түгшээх болсон байна. Тулааны талбарт өөрөө шийдвэр гаргах чадвар бүхий ийм машинууд ойрын 10-20 жилийн дотор цэргийн технологид гарч ирсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд робот удирдлагатай хуягт машинаас авахуулаад нисэгчгүй байлдааны онгоц зэрэг олон тооны техник бий болсон билээ. АНУ, Орос, Хятад зэрэг улс орнуудад алуурчин роботын технологийг нууцаар боловсруулаад эхэлсэн гэж шинжээчид үздэг.
