Туркийн нийслэл Анкара хотоос баруун зүгт 450 км зайтай орших Маниса мужийн Сома хотод нүүрсний уурхай дэлбэрсэний уршгаар амь насаа алдсан хүмүүсийн тоо 274-т хүрээд байна. Тус улсад нүүрлэсэн уул уурхайн гамшгийн эсрэг тэмцэж, нэг өдрийн ажил хаялтыг үйлдвэрчний эвлэлээс зарлав. Үйлдвэрчний эвлэлийнхэн уул уурхайн салбарын ажил олгогчид ажилчдыг хэтэрхий аюултай нөхцөлд ажиллуулж буйг шүүмжилжээ. Үүнээс гадна уг аймшигт осолтой холбоотойгоор Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал хэд хэдэн хотод зэрэг болж байна. Уурхайд цахилгааны холболтыг буруу хийснээс дэлбэрэлт болсон бөгөөд осол гарах үед 787 хүн ажиллаж байсны 363-ынх нь амийг аварсан хэмээн эрх баригчид мэдэгджээ. Сома хотын нүүрсний уурхайнууд нь дулааны эх үүсвэрээр хангадаг аж үйлдвэрлэлийн гол төв юм. Туркт 1992 онд Хар тэнгис дэхь Зонгулдакын ойролцоох уурхайд осол гарч, 270 уурхайчин амиа алдаж байжээ.









