
Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей Женев хотноо эхэллээ. 3000 гаруй төлөөлөгч энэ удаагийн Ассамблейд оролцож байна. Энэ жил “Уур амьсгал ба эрүүл мэнд” гэсэн үндсэн сэдвийн дор хуралдах юм. Ассамблей дэгийн дагуу Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг сонгосноор эхлэв. Энэ жилийн 67 дугаар Ассамблейн Ерөнхийлөгчөөр Кубын Нийгмийн эрүүл мэндийн сайд Роберто Моралес Охедаг сонгосон бол үлдсэн таван бүсийн төлөөлөл болох Фижи, Бахрейн, Литви, Конго, Шри Ланка улсаас тус тус Дэд ерөнхийлөгч нарыг сонгосон байна. Чуулганы үеэр хөгжингүй орнуудын эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хэт таргалалттай тэмцэх зэрэг асуудлыг хөнджээ.