

Норвеги хотноо болсон бага хурлаар Донор орнууд Өмнөд Суданд 600 сая доллараар туслахаар шийдвэрлэжээ. Өмнөд Суданд үүссэн улс төрийн зөрчлийн улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн сая сая хүнд НҮБ-аас 1,8 тэрбум долларын тусламж хүргэхээр төлөвлөсөн билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн хурцадсан зөрчлийн дараа нэг сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн гэсэн тооцоолол бий. Ерөнхийлөгч Салва Кир, түүний ажлаасаа чөлөөлөгдсөн орлогч Риек Мачарын зөрчил нь угсаатан хоорондын зөрчлийг хурцатган хүчирхийлэл болоход нөлөөлсөн юм. Зөрчлийн уршгаар хүмүүс аж ахуй эрхлэх боломжгүй болж, хүнсний гачигдалд оржээ.