
Ливид ирэх зургадугаар сарын 25-нд парламентын сонгууль явуулахаар товлосон талаар сонгуулийн хорооноос мэдээлэв. Ерөнхий сайдаа буудаж, парламентын ордон руугаа гал нээсэн Ливид албан тушаалын төлөө тэмцэл тасралтгүй гарсаар байна. 2012 онд шашингүй намууд 200 гишүүнтэй Үндэсний Ассамблейн сонгуульд олонхийн суудлыг авсан юм. Энэ нь 2011 онд удирдагч Муаммар Каддафийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш анх удаа зохион байгуулсан сонгууль байлаа. Гэсэн ч эрх мэдлийн төлөө тэмцэл гаарч, цэрэг зэвсгээр хоорондоо тулалдан улс орон тогтворгүй хэвээрээ байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш гурван ерөнхий сайд сольсон Ливи улс шинэ үндсэн хууль баталж, парламентын сонгууль явуулж байж тогтворжино гэж одоогийн эрх баригчид үзэж байгаа бололтой.