
Хятадын Засгийн газар "facebook" олон нийтийн цахим сүлжээнд хориг тавиад удаж байгаа. Харин Хятадын төрийн удирдлаганд Ши Жин Пин гарч ирснээр олон нийтийн цахим сүлжээг тодорхой хязгаарлалттайгаар нэвтрүүлэх болсон билээ. Тухайлбал Хонг- Конг, Шанхай зэрэг эдийн засгийн чөлөөт бүсүүдэд олон нийтийн цахим сүлжээний хэрэглээг зөвшөөрч эхлээд байгаа. Тэгвэл дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй "facebook" цахим сүлжээний дэд тэргүүн Воган Смит "Хятадын засгийн газартай хоригийн талаар ярилцаж байна. Яг хэзээ салбараа нээх нь тодорхойгүй ч яриа хэлэлцээр урагштай амжилттай байгаа" гэж мэдэгдснийг "reuters" агентлаг мэдээллэсэн байна. Интернет бизнес эрхлэгчдийн хувьд Хятадын зах зээлд нэвтрэхийн төлөө амаргүй өрсөлдөөнийг явуулдаг. "Facebook" компани нь хятадын эдийн засгийн эрчимтэй тэлэлтээс ашиг орлого олох боломжийг алдахыг хүсэхгүй байна. Тэдний төлөвлөж байгаагаар яриа хэлэлцээр амжилттай явагдвал энэ оны сүүлчээр Бээжинд салбараа нээх боломжтой ажээ.