Энэтхэгт есөн үе шаттай явагдсан сонгуулийн дүнд Нарендра Модийн тэргүүлсэн “BJP” (Бхаратиа Жаната нам) ялалт байгуулсан билээ. Энэтхэгийн 17 дахь ерөнхий сайд болж буй Нарендра Дели хотод ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор тангарагаа өргөлөө. Тэрээр хуран цугларсан олон мянган хүний өмнө сонгогчдын итгэлийг алдалгүйгээр эдийн засгаа сэргээх алхмуудыг хийнэ гэдгээ мэдэгджээ. Хөдөлмөрийн зах зээлд 13 сая залуу ажиллах хүчин нэмэгдэж байгаа ч сүүлийн жилд эдийн засаг нь 5 хувиар унасан Энэтхэг улсыг 63 настай Моди хэрхэн удирдах нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэтхэгийн эдийн засгийн ердөө 15 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлдэг бол Хятадад 31 хувь байх жишээтэй.

