
Европын парламентын сонгууль явагдсаны дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Европын холбоо шинэчлэгдэж, эрх мэдлээ эргүүлэн авах ёстой гэж мэдэгджээ. Европын холбооны орнуудад оршин сууж буй 500 сая хүний аж амьдралд шууд нөлөөлөх парламентын сонгууль нь дэлхий дээрх хамгийн олон үндэстнийг хамарсан ардчилсан сонгууль юм. Энэ удаагийн сонгуульд Их Британийн тусгаар тогтнолын нам 27 хувийн санал авч тэргүүлсэн бол Францын Баруун жигүүрийн Үндэсний Фронт нам 25 хувийн саналаар удаалж, Олландын социалист нам гуравдугаар байранд орсон байна. Парламентын сонгуулийн урьдчилсан дүнг ерөнхийд нь авч үзвэл Европын ардын нам 751 суудлаас 211-ийг / 28,1%/, социалист бүлэг 193 суудал /25.7%/, либеральчууд (9.9%), ногооныхон 58 (7.7%)-ийг авчээ. Европын холбооны орнууд ажлын байр, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж эдийн засгаа хөгжүүлэх зорилт тавьжээ.