
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, Хөрөнгө оруулалтын корпорацийн ТУЗ-ийн дарга Дин Сюедун, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолун зэрэг албаны хүмүүсийг хүлээн авч уулзан нүүрснээс газ гаргаж авах төсөл болон гадаадын хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэн байна. Энэ үер УИХ-ын дарга "БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жин Пин ирэх наймдугаар сард Монголд айлчилж нүүрснээс хий гаргах үйлдвэрийн шавыг тавихад оролцохоор төлөвлөж байгаа" хэмээн ярьжээ. Энэ үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахад эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ Хятадын тал мэдэгдсэн байна.