
Суданы шүүх Христийн шашинтантай гэрлэсэн эмэгтэйг урван тэрсэлж, завхайрсан гэдэг үндэслэлээр буруутгаж, цаазын ял оноосон явдал хоёр долоо хоногийн өмнө дэлхий нийтэд шуугиан тарьсан. Тухайн үед найман сартай жирэмсэн байсан Мериам Яхья Ибрагим Исхаг бүсгүй шоронд хүүхдээ төрүүлсэн талаар түүний өмгөөлөгч мэдээлэв. Бүсгүй шөнө дунд нярайлж, охинтой болсон ч биеийн байдал нь сайнгүй байгаа гэнэ. Шоронгийн ажилтнууд түүнтэй нөхрийг нь уулзуулахгүй байгаа гэнэ. Лалын хууль үйлчилдэг Суданд Христийн шашинтай гэрлэхийг хатуу хориглодог тул бүсгүйг хүүхдээ төрүүлсэнийх нь дараа 100 удаа ташуурдах ялыг нэмж оноосон байна. Эмнести интернэйшнл байгууллагын мэдээлсэнээр Мериам бүсгүй үнэн алдартны шашинтай ээж дээрээ өссөн бөгөөд аав нь лалын шашинтай учир хүүхэд байхад нь ирж уулздаггүй байсан гэнэ. Нэгэнт лалын шашинт эцэгтэй тул Мериат бүсгүй Адраф Аль-Хади Мохаммед Абдулла гэдэг Аллах нэр авах ёстой гэж шүүхээс үзжээ. Хүний эрхийг хамгаалагчид бүсгүйг шашнаа өөрөө сонгох эрхтэй хэмээн эсэргүүцэн тэмцэж байна.
Сэтгэгдэл (4)