
Хоол тэжээлийн цочмог дутагдалд орсон 200 мянган Сомали хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр байгаа тухай НҮБ-аас мэдэгдэв. Эдгээр хүүхдүүдийн 50 мянга нь таваас доош насныхан ажээ. Африкийн энэ улсын 3 сая хүүхэд, эмэгтэйчүүдэд яаралтай эмннэлгийн тусламж хүргэхэд зориулж Юнисеф 15 сая доллар, Донор орнууд 150 сая доллар хандивлахаар болсон байна. “Хэрэв энэ мөнгийг яаралтай олгохгүй бол хүүхдүүдийн амь насыг аврах боломж улам бүр багасана” хэмээн Юнисеф байгууллагын төлөөлөгч Кристоф Боулиерак ярьжээ. Сомалийн дарангуйлагч Мохамед Сиада Баррегийн дэглэм нуран унаснаас хойш улс төрийн хувьд тогтворжиж чадаагүй юм. Барууны үндэстнүүд лалын шашинт цэргүүд дахин хүчээ авч, эмх замбараагүй байдал үүсгэх вий хэмээн эмээдэг. Сүүлийн саруудад Аль Кайдагаас санхүүждэг Аль-Шабааб бүлэглэлийн дайчид хэд хэдэн удаа бөмбөг дэлбэлжээ.