Өндөр настнууд сүүлчийн аялалдаа тайван замаар явахыг хүсдэг. Гэвч Хятадын иргэдэд ийм боломж олдохгүй нь бололтой. Учир нь Аньхуй мужийн захиргаа газар хэмнэх үүднээс 2014 оны зургадугаар сарын 1-нээс хойш бүх оршуулгын газрыг хаах шийдвэр гаргажээ. Нутгийн захиргаа үүнээс хойш нас барсан хүмүүсийг чандарлахаар болсон нь хөдөө нутгийн өндөр настнуудыг багагүй сандаргасан юм. Эртний уламжлалаа дагадаг Хятадын хөгшчууд чандарлуулахыг хүсэхгүй байгаа тул амиа хорлож эхэлжээ. 97 настай Ву Лицу, 87 настай Жан Веньян нар тавдугаар сарын 12-ны өдөр хоолойгоо боож амиа хорлосон ажээ. Тэд оршуулгын газар булшаа үлдээхийг хүссэн учир ийм шийдвэр гаргалаа хэмээн захиасандаа бичсэн байна. Өндөр настнууд ийнхүү амиа хорлох болсон нь Хятадын эрх баригчдын сэтгэлийг эмзэглүүлээгүй бололтой. Тэд уг шийдвэрт юу ч нөлөөлөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

