
Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд цэргийн дарга асан Абдул Фаттах Аль-Сиси урьдчилсан дүнгээр илт давуу ялж байна. 12 мянган санал хураах байрны 2000-ынх нь дүнг нэгтгэхэд Сиси генерал сонгогчдын 90 хувийн санал авчээ. Гэхдээ санал хураалтын дүн эцсийн байдлаар гараагүй байна. Сиси өнгөрсөн оны долдугаар сард ерөнхийлөгч Мохаммед Мурсийг засгийн эрхнээс түлхэн унагасан юм. Энэ цус урсгасан тэмцлийн улмаас 1400 хүн алагдаж, 16 мянган баривчлагдсан ажээ. Хуучин ерөнхийлөгч Мурсийг дэмжигч Лалын ахан дүүсийнхэн сонгуульд саад хийж байгаа ч гэсэн санал хураалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Египетийн 54 сая сонгогчийн 40 сая нь саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын ирц муу байгаа тул 25 саяд хүрэхгүй байх вий хэмээн эмээж, санал хураалтыг сунгасан. Өмнө нь Ахмед Шафик, Мохаммед Мурси нарыг сонгоход ирц 52 хувьтай байжээ.