
Украины зүүн хэсэгт орших Луханск хотын хил хамгаалах баазад гарсан мөргөлдөөний улмаас таван цэрэг алагдаж, найман хүн шархаджээ. Өчигдөр өглөө 100 орчим цэрэг хил хамгаалах байр руу дайран орохыг завдах үеэр мөргөлдөөн үүссэн хэмээн Украины хил хамгаалах албанаас мэдээлэв. Хил хамгаалагчид эхлээд хариу цохилт өгсөн боловч цэргүүд байрлалаа өөрчлөн ойролцоох барилгууд дотор нуугдаж гал нээж эхэлсэн байна. Энэхүү үймээнд 500 гаруй хүн оролцсон бөгөөд өглөөний 09 цагт буудалцаан эхэлжээ. Ингээд үдээс хойш түр эвлэрч, шархадсан хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсэн гэнэ. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Украины Донецк, Луханск хотуудыг Оросын салан тусгаарлагчид хяналтандаа авч, эмх замбараагүй байдал үүсгэж байна. Украины цэргүүд хил хамгаалах ажилтнууддаа зэвсгээр тусалж, терроризмын эсрэг ажиллагаа нэрээр бослого, хөдөлгөөнийг дарахаар хичээж байгаа билээ.