
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус улсад хууль бусаар цагаачлах хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа нь нэн тэргүүнд авч үзэх шаардлагатай хүмүүнлэгийн асуудал мөн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Сүүлийн үед 60 мянган хүүхэд цагаачилсаны дийлэнх нь Төв Америк, Мексикийн оршин суугчид байна. Эдгээр хүүхдүүдийг цэргийн бааз дахь түр орогнуулах байранд байлгах шаардлагатай болдог ажээ. Тиймээс Цагаан ордноос энэ асуудлыг шийдвэрлэхэд зориулж 1,4 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Хүүхдүүдийн 90 хувь нь Мексик-Америкийн хилээр эцэг эхийнхээ зөвшөөрөлгүй нэвтэрдэг Гондурас, Гуатемала, Эль Сальвадорын иргэд юм. Тэд гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас болж дайждаг гэнэ. Харин үлдсэн хэсэг нь ядуу орноос ирж буй цагаачид байдаг юм. Хүүхдүүд АНУ-д ирээд хамаатан, садантайгаа хамт амьдарна гэж итгэдэг. Эдгээрийн дотор 13-аас доош насны охид цөөнгүй байгааг хүний эрхийг хамгаалагчид онцолж байна. 2013 онд хууль бус цагаач хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн судалгаа бий.