
Пакистаны Карачи хотын Жинна олон улсын нисэх онгоцны буудал руу зэвсэгт этгээдүүд халдан 11 хүний амийг хөнөөж, 14 хүнийг шархдуулжээ. Армийн десант цэргүүд нисэх онгоцны буудлыг хамгаалалтанд авахаас өмнө буудалцаан таван цаг гаруй үргэлжилсэн байна. Уг террорист халдлагын улмаас нислэгүүд чиглэлээ өөрчилж, албан хаагчид, зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Нисэх онгоцны буудалд хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд гэмт этгээдүүд онгоц руу дайран орсон хэмээн гэрчүүд мэдээлэв. Хамгаалалт сайн байсан учир нэг ч онгоц эвдэрч, сүйдээгүй гэж Армиас мэдэгдсэн байна. Дээрх нисэх онгоцны буудал нь арилжааны нислэгүүдийг хүлээн авахаас гадна ачаа тээвэр, тусгай үйлчилгээ үзүүлдэг ажээ. Пакистанд Талибан бүлэглэл хүчээ авч, террорист халдлага үйлдэх болсон юм. Өмнө нь Карачи нисэх онгоцны буудал хэд хэдэн удаа бослого, хөдөлгөөний бай болж байжээ. 2011 онд Меграны тэнгисийн цэргийн баазад зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 11 хүний амийг хороож, хоёр онгоцыг сөнөөжээ.