Украины ерөнхийлөгч Петро Порошенко өнгөрсөн Бямба гаригт тангарагаа өргөхдөө улсынхаа зүүн бүс нутагт тэмцэж буй Оросын салан тусгаарлагчдын зэвсэг хэрэглэхийг зогсоож, харилцан яриаг эхлүүлнэ гэдгээ амлажээ. Мөн Украины Крымийг өөртөө нэгтгэсэн нь увайгүй үйлдэл гэж мэдэгдсэн байна. Тэрээр Крымийг Украинд буцаан нэгтгэнэ гэж мэдэгдэж байгаа ч хэрхэн хяналтаа тогтоохоо тодорхой хэлээгүй юм. Порошенко Оросын цэргүүдээс хамгаалахын тулд дорвитой алхам хийнэ гэжээ. Харин босогчид Порошенкогийн хэлсэнийг үл тоов. Тухайлбал, өөрсдийгөө Донецкын бүгд найрамдах улс хэмээн тунхагласан босогчдын тэргүүлэгч Денис Пушилин түүнтэй яриа хэлэлцээр хийх боломжгүй гэж мэдэгдсэн байна.
