Бразилийн хамгийн том хот болох Сао Паулод нэг мөртэй төмөр зам барих ажлыг гүйцэтгэж байсан ажилтан амиа алджээ. Төслийг хэрэгжүүлэх ажлын явцад гарсан ослын улмаас хоёр хүн хүнд гэмтэл авсан байна. 17,7 км төмөр замыг энэ сарын 12-нд нээлтээ хийх хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд зориулан барьж байгаа ч хугацаандаа амжихгүй нь тодорхой болжээ. Уг төмөр зам нь Конгонхас нисэх онгоцны буудалтай холбогдож, дотоодын нислэгийг зохицуулах зориулалттай юм. Бразилийн дэлхийн аваргын бүтээн байгуулалтад хэд хэдэн удаа осол гарсан нь эсэргүүцлийн жагсаал хийх болсон нэг шалтгаан ажээ. 12 цэнгэлдэх хүрээлэнг барих явцад найман ажилтан амиа алдсан билээ.
