
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Нигерийн Боко Харам бүлэглэл 16-18 насны 200 гаруй охидыг хулгайлсан ч Засгийн газар өнөөг хүртэл тэднийг гэрт нь буцаан авчрахын төлөө дорвитой алхам хийгээгүй. Энэ хооронд Боко Харам охидыг хулгайлсан Чибок суурингаас дахин 20 эмэгтэйг авч явсан байна. Үд дундын үед зэвсэгт этгээдүүд хүрч ирэн эмэгтэйчүүдэд буу тулгаад машинд хүчээр суулган авч явжээ. Эмэгтэйчүүдийг хамгаалахаар хэргийн газар байсан гурван эр тэмцэлдсэн ч хүч хүрээгүй байна. Тэднийг хааш нь авч явсаныг олж тогтоогоогүй байгаа ажээ. Нигерийн Батлан хамгаалах яам Боко Харамын 50 дайчныг устгасан гэж зарласан юм. Гэхдээ удаа дараа үйлдэж буй террорист халдлагуудыг таслан зогсоож чадахгүй байна. Боко Харамын гарт энэ он гарсаар 2,000 хүн алагдаж, 750 мянган хүн орон гэрээсээ зугтжээ.