Руанда, Конго улсуудын хилийг заагладаг газар хоёр орны зэвсэгт хүчний цэргүүд ширүүн тулалджээ. Конго улсын мэдээллийн сайд Ламберт Менде Руандагийн цэргүүд хилийг хууль бусаар давж, халдлага үйлдсэнээс тулаан эхэлсэн гэж мэдээлэв. Хоёр цаг орчим үргэлжилсэн тулааны дараа Руандачууд Конгогийн армийн түрүүчийг хулгайлан авч явсан байна. Мөн тулааны үеэр Конгогийн нэг офицер алагдсан хэдий ч Руанда улс ямар учраас ийм хүчирхийлэл үйлдсэн талаараа тайлбар хийгээгүй ажээ. 1994 онд Руандад 800 мянган хүнийг аймаглан устгасан гэмт хэргээс болоод хоёр орны харилцаа эрс муудсан юм. НҮБ-аас Руанда улсыг хөрш зэргэлдээ Конгод эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлж байна хэмээн буруутгасан ч үгүйсгээр байгаа. Саяхан Туци үндэстний M23 бүлэглэлийн босогчид Конгогийн цэргүүдтэй тулалдаад ялагдсан ажээ.

