Мали, Гана, Нигерь, Сири зэрэг орны иргэд Европын холбооны улсууд руу нэвтрэх гэж завиныхаа даацыг хэтрүүлсэнээс болоод амь насаа алдах болсон юм. Энэ онд гэхэд Италид 50 мянган цагаач хууль бусаар ирсэн ажээ. Италийн эрх баригчид Ром, Милан хотын захад орших автомашины зогсоолд 160-170 дүрвэгчийг хоол унд, гутал хувцасгүй байлгаж байгааг НҮБ буруутгав. Тэдгээр дүрвэгсэд нь хууль бусаар хил давж байгаад даваа гаригт саатуулагджээ. Эрх баригчдын мэдээлж буйгаар хоргодох байранд зай байхгүй тул машины зогсоол дээр саатуулж байгаа гэнэ. Италийн эргийн хамгаалалтын алба даац хэтрүүлсэн цагаачдыг аврах хүнд сорилттой тулгараад байгаа юм. Тус улсын дотоод яам үймээн самуун дэгдсэн Ливи улсаас 400-600 мянган хүн дүрвэж ирнэ гэсэн тооцооллыг гаргажээ. Европын холбооны хууль бус цагаачдын асуудал ойрын үед шийдэгдэх боломжгүй гэж хүний эрхийг хамгаалагчид эмээж байна.

