Аль-Кайдагийн ISIS буюу Ирак, Левантын лалын шашинт улс бүлэглэлийн дайралтанд өртсөн Иракийн Засгийн газар Фэйсбүүк, Твиттер зэрэг сайтуудыг ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Тус улсын харилцаа холбооны яам YouTube зэрэг сайтуудад садар бичлэг их гарах болсон нь хориг тавих шалтгаан гэж мэдэгдсэнийг Кувейт улсын мэдээллийн агентлаг иш татсан байна. Ингэж хориг тавьсан ч гэсэн ISIS-ийн цэргүүд Иракийн баруун хойд мужуудад хүчирхийлэл үйлдэж буй зураг, бичлэгээ тараасаар байгаа ажээ. Тус бүлэглэл Иракийн хоёр дахь том хот Мосулаас гадна Саддам Хуссейны төрөлхт нутаг Тикритийг эзэлсэн юм.
