
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Исламын шашинт дайчдын эсрэг тэмцэж буй Иракт туслахаар 300 цэргийн зөвлөхөө илгээхээр болсон тухайгаа мэдэгдлээ. Шаардлагатай тохиолдолд цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байгаа ч АНУ-ын цэргүүд Иракт дайтахгүй гэж тэрээр нэмж хэлсэн байна. ISIS буюу Ирак, Левантын лалын улс бүлэглэл сүүлийн 10 хоногийн дотор дайралт хийж, Иракийн газар нутагт хүрээгээ тэлжээ. Иракийн эрх баригчид зэвсэгт бүлэглэлийн эсрэг агаараар довтлоход туслахыг АНУ-аас хүссэн юм. АНУ-ын цэргийн шинжээчид байлдахгүй ч гэсэн тагнуулын ажиллагаа явуулж, Багдад хотод төвлөрөн төлөвлөгөө боловсруулахад оролцох ажээ. Харин Иракийн шийт шашинтнууд сайн дураараа армид нэгдэж, жихад бүлэглэлтэй тэмцэхээр болжээ.