
Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэл 60 охид эмэгтэйчүүд, 31 эрэгтэй хүүхдийг хулгайлан авч явжээ. Өмнө нь барьцаалагдсан 16-18 насны 200 гаруй охидыг буцаан авчирч чадаагүй байтал дахин хэрэг гарсаар байна. 91 хүнийг хулгайлан авч явсан дээрх хэрэг Борно мужийн нийслэл Майдугураас 95 километрийн зайтай орших Куммабза тосгонд гарчээ. Тосгоны ахлагч Ажи Халилын мэдэгдсэнээр зэвсэгт этгээдүүд тэдгээр хүмүүсийг хулгайлан авч явахдаа дөрвөн хүнийг хороогоод зугтсан байна. Нигерийн Борно мужид исламын зэвсэгт дайчдын халдлага, дайралт өдөр алгасахгүй гарч буйгаас олон арван хүн амь үрэгдэж, оршин суугчид орон гэрээсээ дайжсаар байна. Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан Боко Харамын хоригдлуудыг барьцааны охидоор солихоос татгалзсан ажээ.