Японы ерөнхий сайд Шинзо Абегийн ордны гадна Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, цэргийн үүрэг оролцоог нэмэгдүүлэн, хилийн чанадад анги нэтгтэлээ байрлуулах гэж буйг эсэргүүцсэн 10 мянга гаруй хүн жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Өчигдөр уг хуулийг эсэргүүцсэн нэг хүн Токио хотын галт тэрэгний буудал дээр өөрийгөө шатаасан билээ. Жагсаалд оролцогчдын дотор оюутан, өндөр настай, эмэгтэйчүүд ч байгаа гэнэ. Тэд Абегийн Засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бүх нийтийн санал асуулга явуулалгүйгээр Кабинетийн хуралдаанаар шийдсэн нь хууль бус алхам гэж үзэж байна. Японы эрх баригчид цэргээ өргөтгөснөөр зэвсэгт халдлагад өртсөн орнуудад тусалж, өөрсдийн үндэсний аюулгүй байдлаа хамгаална гэж тайлбарласан юм. Гэвч дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Японы Үндсэн хуулинд бусад үндэстний эсрэг цэргийн хүч ашиглахыг хориглосон байдаг ажээ.





