Өмнөд суданы хүнсний хомсдол ирэх сар гэхэд дөрвөн сая хүний амьдралд нөлөөлнө гэдгийг Британийн тусламжийн байгууллагууд сануулж байна. Тус улсын ерөнхийлөгч түүхэнд байгаагүй өлсгөлөн нүүрлэж байгааг сануулав. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Өмнөд Суданы эрх баригч намынхны хооронд зөрчилдөөн үүсч, тулалдсаны уршгаар нэг сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн юм. Ерөнхийлөгч Салва Кир болон түүний орлогч асан Риек Мачарын хоорондын улс төрийн зөрчил мянга гаруй хүний аминд хүрсэн билээ. Зөрчлөөс болоод газар тариалан, мал аж ахуй эрхлэх ямар ч боломжгүй болсон нь хүнсний хомсдол үүсэхэд нөлөөлсөн байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдэд туслахаар 194 сая долларыг хандивлагчдаас авна гэж тооцоолж байсан ч одоогоор 89 сая долларыг нь хүлээн авчээ.

