
Хөрш зэргэлдээ Сири улсаас дүрвэн ирэгсэд олширч, хүн амынх нь гуравны нэгийг эзлэх болсноор Ливаны улс төрийн тогтвортой байдалд заналхийлж, эдийн засаг хямралд нөлөөлж буйг Нийгмийн асуудал эрхэлсэн сайд Рашид Дербас ярьжээ. Нийт 4 сая хүн амтай Ливан улсад энэ оны байдлаар 1,5 сая Сирийн иргэн дүрвэсан байна. Тооцоогоор Сирийн иргэний дайн 2012-2014 оны хооронд Ливаны эдийн засагт 7,5 тэрбум долларын хохирол учруулжээ. Бага цалинтай ажил хийх сонирхолтой Сирийн иргэд олширсон байна. Гэхдээ сул дорой эдийн засагтай Ливанд Сиричүүд дүрвэснээр ажилгүйдэл хоёр дахин өсч, хөдөө нутагт чанаргүй ажиллах хүчин нэмэгдэж байгаа гэнэ. Зөвхөн эдийн засгийн салбарт ч гэлтгүй хүчирхийлэл, эмх замбараагүй байдал газар авахад нөлөөлжээ.