
Фукушима атомын цахилгаан станцын оператор TEPCO тавдугаар реакторын хөргүүрийн системийг гэмтэхээс хамгаалж, түр зуур унтрахаас өөр аргагүй болжээ. Хөргүүрийн системээс ус алдагдаж байгаа тул ес хоногийн дотор засч янзлахгүй бол температур хэт халж, аюултай түвшинд хүрэх юм. Инженерүүдийн тооцоолсоноор 1,300 литр ус асгарсан гэнэ. Температур цагт 0,193 градусаар нэмэгдэж халж байгаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав. Хэрэв байдал үргэлжилвэл 9 хоногийн дотор цельсийн 65 градус хүрнэ. Ийм температурт станцаас цацраг идэвхит бодис алдагдах аюултай ажээ. 2011 оны газар хөдлөлт болон цунамигийн улмаас эвдэрч сүйдсэн "Фукушима" цөмийн эрчим хүч үйлдвэрлэх станцаас агаар мандалд дэгдсэн цацраг идэвхит бодисын хэмжээ хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлтэй юм. Японы Засгийн газар уг станцын сүйрлээс болж агаар мандалд дэгдсэн цацраг идэвхит бодисыг саармагжуулан аюулгүй болгох ажилд дор хаяж нэг их наяд иен буюу 13 тэрбум доллар зарцуулна гэж мэдэгдэж байсан билээ.