
ОХУ Хүйтэн дайны үед тагнуулын зорилгоор ашиглаж байсан Карибын тэнгис дэхь электроноор чагнах постыг дахин сэргээх гэрээг Кубын талтай хийжээ. Гавана хотын ойролцоох Лурдес бааз нь АНУ-ын эргээс 250 километрийн зайтай байрладаг байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Кубад айлчлахдаа ийм шийдвэр гаргасан гэж Коммерсант сонин мэдээлэв. Ерөнхийлөгч Путин уг баазыг Кубад жил бүр төлөх 200 сая долларын түрээсээс болоод 2001 онд хаасан юм. Украины Крымийг өөртөө нэгтгэснээс болоод ОХУ АНУ-ын харилцаа таагүй байгаа энэ үед Путин Кубад айлчилж Зөвлөлтийн үеийн 32 тэрбум долларын өрийг нь тэглэсэн ажээ. Лурдес цэргийн бааз нь 1967 онд нээгдэж, Зөвлөлтийн тэнгисийн цэргийн флотын нууц мэдээлэл дамжуулах төв болж байв. Энд 3,000 мэргэжилтэн ажиллаж байсан бөгөөд одоо техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Куб 1962 онд цөмийн зэвсгээ бэхжүүлсэн бөгөөд Хүйтэн дайны халуун цэг болж байсан юм.
Сэтгэгдэл (2)