
Туркийн ерөнхий сайд Рэжеп Таийп Эрдоган Газын зурвас дахь Израйлийн агаарын довтолгоо нь Гитлерийн үйлдлээс давсан зэрлэг түрэмгийлэл боллоо гэж хэлжээ. Ирэх сард ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тэрээр Хар Тэнгисийн Орду хотод болсон компанит ажлынхаа үеэр ингэж мэдэгдсэн байна. Эрдоган Хамас бүлэглэлийг устгах нэрээр агаараар довтолж, 300 гаруй Палестин иргэний аминд хүрсэн Израйлийг тууштай шүүмжилдэг. Түүнийхээр Израйльчууд цэрэг, зэвсгийн хүч ашиглаж Турк-Израйлийн харилцаанд саад хийж байгаа гэнэ. 2010 онд тусламжийн усан онгоц Израйлийн гэнэтийн дайралтад өртөж Туркийн найман иргэн амиа алдсан нь хоёр орны харилцаанд таагүй нөлөө үзүүлсэн юм. Сүүлийн хэдэн өдрүүдэд Истанбул, Анкара хотууд дахь Израйлийн дипломат төлөөлөгчийн газруудад тэмцэгчдийн жагсаал тасраагүй байна.
Сэтгэгдэл (1)