АНУ-ын ТТГ-ын экс ажилтан Эдвард Сноуден хакеруудыг хүмүүсийн хувийн мэдээллүүдийг тусгай албатуудаас хамгаалах технологийг бий болгоход уриалжээ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрсөн баасан гаригт болж өндөрлөсөн "Дэлхийн хакерууд, эсвэл ИТГЭЛ" нэртэй хуралд оролцогчидтой ОХУ-ын нийслэл Москва хотоос видео холболтоор холбогдсон бөгөөд хуран цугларсан хакеруудад хандаж "Энэ танхимд сууж байгаа та бид бүхэнд, бидний өдөр бүр ажилладаг програмчлал болон протоколыг кодлох замаар ирээдүйг сайжруулах боломж бий" хэмээсэн байна. Түүнчлэн "Миний ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлын ихэнх нь үүнтэй холбоотой байх юм" гэжээ. Түүний ярьснаар тэрээр ихэнх цагаа хэрэглэгчдийн мэдээллийг кодлодог протоколыг бий болгоход зарцуулж байгаа аж. Ийм протоколыг бий болгосноор төрөл бүрийн мэргэжлийн салбарынхан мэдээллийн эх сурвалжаа нууцлах боломж бүрдэх юм байна.