Тайландын Ват Банг Фра сүмд дэлхийн шивээсний наадам болдог. Хэдийгээр шивээс хийлгэх явдлыг шоронд орсон гэмт хэрэгтнүүдийн хийдэг зүйл гэж ихэнх улсад үздэг бол Тайланд улсад үүнийг Буддын Шашны уламжлалтай холбон үздэг ажээ. Сүмийн их хамба лам Луанг Фор Фом гуай бол сүсэгтнүүдийнхээ бие дээр «сак янт» гэдэг нэртэй маш гоё шивээс хийж өгдөгөөрөө их алдаршсан байжээ. Одоо тус сүмийн лам нар зочилж ирсэн хүмүүсийн бие дээр 18 сантиметр тусгай зүүгээр сонирхолтой шивээс хийж өгдөг болжээ. Тус сүмийн шивээс бол өөрийн эзнийг янз бүрийн хараал жатганаас хамгаалж, эрүүл саруул, аз жаргалтай амьдрахад тустай гэнэ. Тайландчууд биен дээрээ бар, сармагчин зэрэг янз бүрийн амьтдыг шивж урлахаас гадна онцгой хүчин чадал бүхий шившлэг тарни шивж өгдөг юм. Ийм ч учраас энэ сүмд шивээс хийлгэх гэж ирдэг хүмүүсийн тоо жил бүр хэдэн мянгад хүрдэг ажээ. Энд Кампучи болон Вьетнамаас жуулчид цөөнгүй ирдэг.





