
Хятадын эрх баригчид Баруун Африкт түгшүүрийн харанга дэлдэж буй Эбола вирусын халдвар улс оронд нь тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ. Тус улсын Чанарын хяналтын ерөнхий газраас эбола вирус тархсан бүс нутгаас ирсэн иргэд, жуулчдыг нэг бүрчлэн шалгаж, ачаа тээш, тээврийн хэрэгслийг нь ариутгах болжээ. Мөн тухайн бүс нутгаас амьтны гаралтай бүтээгдэхүүн, онцгой бараа бүтээгдэхүүн импортлохоо түр хугацаагаар хойшлуулсан байна. Шээс, шүлс зэрэг биеийн шингэн, цусаар дамждаг Эбола вирусыг устгах төгс арга гарч ирээгүй юм. Гвиней, Либери, Нигери, Сьерра Леонд тархсан уг вирусаар 1,323 хүн халдварлаж, 729 нь хорвоог орхижээ.