
Ази Африкийн олон оронд сүүлийн 10 жилийн хугацаанд сүрьеэгийн ердийн эмэнд тэсвэртэй савханцар бактери гарч ирсэн явдал Барууны орнуудын эмч нарыг ихэд сандаргах болжээ. Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтэй хүмүүсийг эмчлэх нь урт удаан хугацааны эмчилгээ шаардсан, их үнэтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд ийм өвчтэй хүнийг эмчлэх ямар ч боломжгүй байдаг ажээ. Сүүлийн жилүүдэд антибиотик эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний савханцарыг эмчилж чадах шинэ эмийг гаргаж авах гэсэн оролдлого бүтэлгүй болжээ. Ийнхүү сүрьеэ өвчин бүрэн эмчлэгддэг өвчин гэж эмч нарын хэлдэг байсан үг худал болон хувирч байгаа ажээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол антибиотик эмэнд тэсвэртэй болсон сүрьеэ өвчний тархалтыг дэлхий даяар хяналтандаа байлгахын тулд дор хаяж 1,6 тэрбум доллар хэрэгтэй байгаа ажээ. Өвчний тархалт одоогийнх шигээ үргэлжлээд байх юм бол 2015 он гэхэд антибиотик эмэнд тэсвэртэй сүрьеэгийн савханцар Дэлхий даяар жил бүр 2 сая гаруй өвчтнийг халдварлуулах магадлал байгаа ажээ. Ийнхүү өнгөрсөн үеийн өвчин гэж олон хүний үздэг байсан сүрьеэ өвчин улам хүчирхэг болоод 21-р зуунд дахин хүн төрөлхтөн дээр хүрч ирж байгаа ажээ.