
Ираны парламент жирэмснээс хамгаалах эм сурталчлахыг хоригложээ. Энэ нь хүн амаа өсгөх бодлого явуулж буйтай холбоотой ажээ. Хэрэв уг хуулийг зөрчвөл торгууль ногдуулах юм. Ираны 77 сая иргэний 70 орчим хувь нь 35-аас доош насныхан бөгөөд хүн амын өсөлт эрс саарч байгаа гэнэ. 2012-2013 оны хооронд 12 мянган удаа хууль бус үр хөндөлт хийсэн гэсэн албан бус судалгаа бий. Тус улсын хуулиар эхийн эрүүл мэндэд аюултай эсвэл ураг амьдрах чадваргүй тохиолдолд л үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг. Харин дээрх хуулийг хэрэгжүүлэх нь үр хөндөлтийг ихэсгэх талтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.