
Украины зүүн бүс нутагт өрнөж буй салан тусгаарлах тэмцлийн золиосонд 2,086 хүн хорвоог орхиж, 5000 хүн шархадсан гэж НҮБ-аас мэдээлэв. Өдөр бүр 60 гаруй хүн алагдаж, шархдаж байна гэж НҮБ-ын хүний эрхийн төлөөлөгч Сесиль Пуйи ярьсан байна. Украины зөрчлийн улмаас 110 мянган хүн орон гэрээсээ дүрвэж, хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэжээ. Москвагийн эрх баригчдын мэдээлж буйгаар 730 мянган хүн Оросын хил давахаар зугтсан ажээ. Зөвхөн Украины Донцект гэхэд 1000 гаруй хүний орон гэрийг бөмбөг, хүнд зэвсгээр сөнөөсөн байна. Луханскт 250 мянган иргэн ундны усгүй болж, гэрэл цахилгаан, харилцаа холбооноос таслагдлаа. Оросын хүмүүнлэгийн байгууллагууд тийш нь тусламж хүргэхээр нэвтэрсээр байгаа. Харин Украины эрх баригчид хөндлөнгөөс оролцохыг нь буруушааж, Улаан загалмай нийгэмлэг, олон улсын ажиглагчдыг нэвтрүүлсэн билээ.