
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсад нэгдээд удаагүй байгаа Крымийн хойгт зочилж, Ялта хотноо парламентын гишүүдтэй уулзан шинэ бүс нутгийнхаа цаашдын хөгжлийн талаар ярилцжээ. Тэрээр Оросууд дайн мөргөлдөөний төлөө бус улс орныхоо хөгжлийн төлөө нэгдэх хэрэгтэй хэмээн уриалсан байна. Мөн ерөнхийлөгч В.Путин Крымд олон арван жилийн турш шийдэгдээгүй дуншсан асуудлууд байгааг дурдаад “Өмнөх эрх баригчид Крымээс ихийг авахаа л бодож байснаас өгөхдөө хойрго байжээ” гэжээ. Энэ үеэрээ Украины асуудалтай холбоотойгоор АНУ болон барууны орнуудаас тавьсан хоригийг эсэргүүцэж, хариуд нь хүнсний импортод тавьсан хоригоо зөвтгөсөн байна. “Энэ бол зөвхөн хариугаа авч байгаа шийдвэр биш. Юуны түрүүнд үйлдвэрлэгчдэд зах зээл нээх зорилгыг чухалчилсан. Гадаад харилцааны асуудалд ямар ч асуудал тулгарсан байсан бид дотоодынхоо асуудалд анхаарах болно” гэжээ.
Сэтгэгдэл (8)