
Боко Харамын удирдагч Абубакер Шекау Нигерийн хойд хэсэгт орших Гвоза хотод Халифын вант улс байгуулсанаа тунхаглажээ. Тэд Гвоза хотыг энэ сарын эхээр эзлэн авсан юм. Засгийн газрын цэргүүд хангалттай сайн зэвсэггүй байсан учир Гвозад цэрэг байрлуулахаас татгалзсан. Энэ завшааныг ашиглан исламын дайчид хүчээ авсан гэж ажиглагчид үзэж байна.
Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлсэнээр Гвозагийн академид суралцаж байсан 35 цагдаагийн ажилтан алга болжээ. Тэднийг хулгайлан авч явж хороосон эсвэл нуусан эсэх нь тодорхойгүй байна. Боко Харам буюу “Барууны боловсролыг хориглоё” бүлэглэл 2009 оноос хойш Нигерийн 10 мянган иргэний амийг хороожээ.